Thursday, December 8, 2011

Үтрээний хүүрнэл жүжиг 2012 онд дахин Улаанбаатарт


Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүд клуб маань Олон улсын V-Day аяны хүрээнд The Vagina Monologues буюу Үтрээний хүүрнэл жүжгийг ирэх жил буюу 2012 онд Монголд дахин зохион байгуулах албан ёсны зохиогчийн эрхээ энэ жил сунгаж авлаа. 


Үтрээний хүүрнэл  жүжиг 2012 онд Улаанбаатарт!!!

Үтрээний хүүрнэл жүжиг буюу V-Day Улаанбаатар 2011 аяны талаар товч мэдээлэл:

Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүд клуб нь 2011 онд Монголд анх удаа The Vagina Monologues хэмээх энэхүү хандивын бүтээлийг толилуулах албан ёсны эрхийг авсан төдийгүй V-Өдөр дэлхий нийтийн аяны нэг хэсэг болж идэвхтэй оролцсон юм.

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх дэлхий дахины V-Day 2011 аян Монгол улсад амжилттай өрнөсөн билээ. Аяны хүрээнд охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн эсрэг утга агуулга бүхий АНУ-ын зохиолч Eve Ensler-ийн The Vagina Monologues буюу Үтрээний хүүрнэл хэмээх шилдэг жүжгийг Монголд анх удаа толилуулж 4 удаагийн тоглолтоор нийт 1000 гаруй зочдод хүргэсэн байна.

Түүнчлэн аяны хүрээнд бид 6,180,580 төгрөгийн хөрөнгө босгож үүнээс 4,680,580 төгрөгийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байранд, мөн 1,000,000 төгрөгийг ЛГБТ төвд, 400 ам.долларыг V-Өдөр аяны уриалгын дагуу газар хөдлөлтөд өртсөний улмаас хүнд нөхцөлд байгаа Гайти улсын эмэгтэйчүүдэд хандивлалаа.

Энэхүү жүжигт Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүд клубын гишүүн залуу эмэгтэйчүүд, мөн гадаадын сайн дурын эмэгтэйчүүд гээд нийт 55 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан. Жүжгийн найруулагчаар Т.Алтантуяа, Канад улсын иргэн Sharon Goldhawk нар ажилласан.  

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход зориулан хөрөнгө босгосон The Vagina Monologues буюу Үтрээний хүүрнэл жүжгийг бүтээхэд гүн туслалцаа, дэмжлэг үзүүлэн хандив өргөсөн байгууллагууд болон дэмжсэн хувь хүн бүрт гүн талархаж байна. Та энд дарж хандивлагч, дэмжигчдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

The Vagina Monologues жүжиг нь V-Day хөдөлгөөний хүрээнд зохион байгууллагддаг бөгөөд энэхүү хөдөлгөөн нь 12 жилийн туршид дэлхий даяар 140 гаруй улс оронд зохион байгуулагдаж хүчирхийлэлтэй тэмцэхэд зориулан нийт 75 сая ам.долларын хөрөнгө босгож 300 гаруй сая хүнд хүрч чадсан.

Та V-Day аяны тухай мэдээлэл авахыг хүсвэл www.vday.org цахим хуудсаар, мөн Монгол хэлээр дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл youngwomenforchange@gmail.com хаягаар холбогдоорой!

No comments:

Post a Comment